Friday, December 1, 2017

ТЭМДЭГЛЭЛ


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ТЭМДЭГЛЭЛ


МОНГОЛ ГЭР

Монголчуудын гэр 10 мянган жилээс ч өмнө үүссэн гэдгийг нотлох янз бүрийн хадны сүг зурагнууд их олджээ. Хамгийн тод жишээ нь Өвөрхангай аймгийн Бугат сумын хадны зураг бөгөөд яндантай гэр зурагдсан байдаг бол Баян-Өлгий аймгийн Цагаан салаа хадны зурагт гэр, дөрөө хоёр зурсан байдаг.
Монголчуудыг “эсгий туургатан” хэмээн ярьж, бичдэг ба энэ нь эрт үеэс уламжилж ирсэн малчид-нүүдэлчдийн өвөрмөц сууц болох гэртэй холбогдоно.
Гэр нь нүүдэлчин амьдралд ихэд зохицсон хөнгөн авсаар, түргэн зуур барьж, буулгаж болдог, бас хүйтний улиралд богино хугацаанд дулаацуулах боломжтой зэрэг олон давуу талтай. Анхны хэв маяг нь зөвхөн тооно, униар барьдаг “цээж гэр”, хөгжиж явсаар тооно, унь, ханаар барьдаг нэн боловсронгуй болсон. Монгол алтайн нуруугаар казакууд түрэг гэр, Хөвсгөл нуур орчмын цөөн тооны цаатангууд урцанд, монголын умарт бүс нутгийн буриад хамниган нар модон байшинд суудаг заншилтай. Монгол гэр нь 3000 гаруй жилийн тэртээгээс одоогийн хэв шинжээ олж авсан. XIII зууны үед хэд хэдэн янзын гэр байжээ. Хүзүүвчин тоонотой, нүүдэл хийхдээ тэргэн дээр бариад зөөж явдаг байсан гэрийг тэрэгт гэр гэдэг бол гадаад дотоодын элч нарыг хүлээн авдаг, их хуралдай хуралдуулдаг хэдэн зуун хүн багтах том гэрүүд байсан бөгөөд түүнийг орд гэр буюу шилтгээн гэр гэнэ. Ноёд язгууртнуудын дайн байлдаанд авч явдаг дайны зориулалттай гэрийг гэрлүгэ хэмээнэ. Бургас зэргийг үзүүрлэн бие биед нь углуургадан хийгээд ханыг өвсөөр хучсан гэрийг өвсөн гэр гэдэг бол урц маягийн хэлбэртэй гэрийг хошлиг гэр гэдэг байжээ. Мөн XIII зууны үед Монгол хаадын гэрийг олон арван шар үхэр хөллөсөн тэргэн дээр барьж нүүдэл хийдэг байсан. Их тэрэгнээс гадна дөрөв, найман үхэр хөллөсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байжээ.


XYI зуунаас одоогийн Монгол гэрийн хэлбэрт шилжсэн бөгөөд гэрийн том бага хэмжээ нь зэрэг дэв, хөрөнгө чинээнээс хамаарч байв. Жирийн малчдын гэр  4-5 ханатай, ноёдын гэр ихэвчлэн 6-8 ханатай,  аймаг хошууны тамгын газрын гэр 10-12 ханатай байв. Чинээлэг айлууд гэрийн дээгүүр цас борооны ус, салхи шуурганаас хамгаалсан хөлт өрх хэрэглэж, дээврийн бүрээсээ улаан хөх халзаар чимдэг байв. Улаан халз нь баяр баясгаланг, хөх халз нь тэнгэрийг бэлгэдсэн бол шарын шашин дэлгэрсэнтэй холбогдон гэрийн чимэглэлд янз бүрийн хээ угалз бүхий итгэл бишрэлийн чанартай зүйлс орж ирсэн. Энэ үеийн ядуусын гэрийг цээж гэр, товь гэр, хатгуур гэр гэх мэтээр нэрлэж байжээ. Цээж гэр гэдэг нь зөвхөн унь тооно гэсэн яс модтой гэрийг хэлдэг бол хатгуур гэр нь дөрвөн талтай шовгор оройтой байжээ. Бургасыг зориуд махийлган унь ханыг нь үргэлжлэл болгон хийсэн гэрийг товь гэр гэдэг. Монголын хамгийн том гэр нь 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй БАТ-ӨЛЗИЙ гэр юмаа

Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 килограмм байдаг учир хэдхэн тэмээ сарлаг зэрэгт ачаалаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор хоёул гурвуулхнаа барьчихдаг, нүүдэлд тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Нүүдэл хийж яваа хүмүүсийг угтан тосож цай идээгээр цайлдаг, гэр барьж байхад таарвал таньдаг ч бай, таньдаггүй ч бай очиж тусалдаг заншилтай. Гэрийн их багыг хананы тоо ба толгойгоор ялгана.
Гэр бол дэлхийтэй адил бөөрөнхий дугуй учраас булан тохойд нь муу энерги хоргодон үлдэхгүй, гэрт байгаа хүн сайхан амарч унтаж чаддагаас гадна хүний уур бухимдал, уцаарыг амархан тайлдаг байна. Хана болох эсгий туурга нь цагт 500 удаа агаар солилцож чаддаг ажээ.


МОНГОЛ ГЭРИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД:
Одоогийн монгол гэрийг гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэж хоёр ангилдаг бол монгол гэрийг дотор нь халх, баяд, дөрвөд, буриад гэж хуваана. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн гол хэсгээс бүрдэнэ. Яс мод гэдэг нь хана, унь, хаалга, тооно,  бүрээс гэдэг нь өрх, дээвэр, туурга, үүд юм. Мөн хошлон, бүслүүр, даруулга гэж байх бөгөөд яс мод, бүрээс зэрэг нь цөм өөр хоорондоо тодорхой харьцаа тогтолцоотой байдаг. Монгол гэрт зундаа сэрүүн агаарын солилцоо сайн явагддаг, өвөл дулаан хадгалах чадвартай, хурааж барихад хялбар байдаг. Томох, ширэх, оёх, сийлэх, зурах, будах зэрэг гар урлалын цогц бүтээмж юм.
Багана: Гэр барих, буулгах үед баганын тусламжтайгаар тооноо дээш өргөж буулгадаг. Тооно тэгш байх нь байгалийн шуурганаас болж гэр хазайх, унахаас урьдчилан хамгаалж байгаа юм. Баганын өндрөөр гэрийн өндөр тодорхойлогдоно. Баганын өндөр хаалганаас 1.5 дахин өндөр байдаг бол шалны голч тоононы голчоос 4 дахин том. Баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог хэмээн үздэг учраас багана түших, тэврэх, барих, ялангуяа алдлахыг цээрлэдэг. Гэрийн багана нь гэрийн зовлонг үүрч явдаг гэж үздэг учраас хүүхдийг баганаас зовлонг авна гэж үздэг. Баганыг монголчууд ертөнцийн босоо тэнхлэг, хүний хөл тулгуур эрхтнээр төсөөлдөг байна. Мөн хоёр багана бол эхнэр нөхрийг төлөөлдөг болохоор хоорондуур нь гарах, дундуур нь юм өгч авахыг цээрлэдэг.
Өрх: Тоононы хэмжээгээр эсгий авч дөрвөлжин эсгээд, захыг тойруулан зээглэнэ. Тоонон дээгүүр өрхийг бүтээж нар салхи, цас бороо, шороо, хурц гэрэл гэгээнээс хамгаалах, мөн гэрт тусах нарны гэрэл гэгээг тохируулдаг. Дөрвөлжин өрх, хошуут өрх, гурвалжин өрх гэж гурван янзаар дэлгэрсэн байна. Өрхний байдлыг хараад тухайн айлын байдлыг ойлгож болно. Шөнөдөө өрхөө урагш нь татаж бүтээж хоноод маргааш өглөө нь гэрийн эзэгтэй өрхөө хойш нь татдаг. Хэрвээ маргааш өглөө өрх нь бүтээлгээстэй байвал тухайн айл босоогүй байна гэсэн үг. Мөн өдөржин өрх нь бүтээлгээстэй байвал тэр айлынхан эзгүй хол явсан, эсвэл ямар нэгэн муу юм тохиож тэр айлд хүн нас барсан байна гэж ойлгогдоно. Өрхийг тоононы малгай байдлаар төсөөлдөг учраас дээгүүр нь алхах, дээр нь суух, гишгэх, газарт хамаагүй хаяхыг цээрлэдэг. Тухайн айлын хийморь лундаа унана хэмээн үздэг.
Тооно: Монгол гэрт гэрэл гэгээ оруулах, утаа уурыг гаргах, унь тогтоох голдоо хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээг тооно гэнэ. Тооно нь гэрийн орон зайг ихэсгэх, багасгах, гэрт гэрэл гэгээ орох, гэрийн бүтэцийг бий болгоход их үүрэгтэй. Тооныг дөрвөд баядууд “хараач”, өөлд торгууд, урианхай, захчингууд “гараац” гэдэг. “Хараач” гэдэг нь од эрхэс, гэгээ гэрэл, тэнгэрийн байдал зэргийг нүдээр үзэх гэсэн санаанаас үүдэлтэй, “гараац” гэдэг нь гэр доторхи задгай галын утаа, цай хоолны уур униар гэр дотроос гадагшлах, гарах гэсэн утгаас үүдэлтэй ажээ. Гэрийн ерөөлд “Нарны гэрлийг нааш оруулагч, галын гэрлийг гадагш дэлгэрүүлэгч...” гэж хэлсэн байдаг. Гэрийн тооныг улаан, улбар шар өнгөөр голчлон буддаг нь нарны бэлгэдэлтэй холбоотой юм. Мөн хүний бие эрхтэнээр төлөөлүүлэн хэлбэл толгой, тэргүүн болно. Тийм учраас тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэнэ. XIX-XX зууны заагт халх гэрийн тооно нь хэлхээ буюу “сархинаг”, сараалжин буюу “цамхраа”, хорол буюу “хүрдтэй тооно” гэж ялгагддаг байв. Сархинаган тооно нь уньтайгаа хэлхээтэй, голчоороо хоёр салдаг, ямар ч ширүүн салхи, бороонд унадаггүйгээр үл барам хаяаг нь дээш сайн шуухад үерийн ус дайраад өнгөрөхөөс биш аваад хаячихдаггүй байна. Хожим унь тооно нь саланги болж хатгуур тоонот гэр үүсчээ. Сархинаг тоонот гэрийг 1950-иад он хүртэл Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчид ихээр хэрэглэж байжээ. Нүүдлийн үед хамгийн тохиромжтой тоононы нэг бол цамхраа тооно бөгөөд энгийн хийц бүтэцтэй учир хөнгөн, бөх бат байдаг. Цамхраа тоононы хийц бүтцэнд хувьсал, өөрчлөлт гарсны дүнд хүрдтэй тооно үүсчээ. Голыг тойруулан модон цагирагаар бэхэлсэн тэр хэсгийг хүрд буюу хорол гэж нэрлэснээс тийнхүү хүрдтэй тооно гэгдэх болжээ.
Туурга: Эсгийг хэсэг хэсгээр хэсэгчлэн эсгэж туурганы хормой, хоолойг тохируулдаг. Туургыг хормойгоор нь 9 метр, хоолойгоор нь 7.5 метр хэмжээтэй эсгэн танаж морин туурга хийдэг. Эрт үед буга, зээр, гөрөөсний арьсаар дээвэр туургаа хийдэг байжээ. Гэрийн дээвэр туурга, ханыг тогтвортой байлгах үүрэгтэй бөгөөд хялгас томж бүслүүр хийнэ. Гэрийн бүслүүр нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг,  балчир, идэр, өтгөс гурван үеэрээ бат бэх байхыг бэлгэддэг.
Унь: Монгол гэрийн доторхи нарны цацрагийг бэлгэдэж байдаг. Унийг улиас, хар мод, бургас модоор хийх бөгөөд шулуун унь, үзүүр сагалдрага хэсгээрээ матигар унь гэж хоёр янзын байдаг. Шулуун унийг урлахад гэрийн бусад мод хийхээс төвөггүй бөгөөд нүүдлийн үед тээвэрлэхэд нэн хялбархан. Махир үзүүртэй унь нь гэрийн туурганы хоолойг элэгдэхээс хамгаалах, мөн гэрийн хананы эрсийг өндөр болгох, гэрийн гадаад хэлбэрийг бөмбөгөр байдалтай болгох, мөн салхины хүчийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Тооно голлуулсны дараа баруун зүүн урдаас, хойд талын голоос хоёр тийш нь өлгөнө. Униа өлгөөд гэрийн мод тооноо тал талаас харж хананы өндрөөр тааруулан заслага хийнэ. Таван ханатай гэрийн унь том жижгээс хамаарч 2-2.5 метр урттай байдаг бол дөрвөн ханатай гэрийн унь 1.5-2 метр урттай байдаг.
Үүд буюу хаалга: Хүн гэрт орох гарахад зориулагдан үүдэн хаалга буй болжээ. Хаалга нь монгол гэрийн ханыг тогтоох гол зүйл. Төрөл хэлбэрээр нь жаазан хаалга, хавтсан хаалга гэж ангилна.  Монголчууд голдуу жааз модон хаалга хэрэглэдэг. Гэрийн хаалгыг нар мандах зүүн урд зүг, чанх урд зүг рүү харуулж барьдаг. Монгол орон үргэлж хойноос салхилж байдаг учраас салхийг хаах зорилготойгоос гадна гэрийн тооноор тусах нарны гэрлийн тусгалыг харж цагийн нарийн хуваарийг мэдэж өдөр тутмын ажлаа зохицуулдагтай холбоотой. Эсгий үүд эртнээс гэрийн хаалганд хэрэглэгдэж ирсэн бөгөөд эсгий үүд нь ачих тээхэд хөнгөн учраас нүүдлийн байдалд тохиромжтой. Эсгий үүдэнд хоолойвч, их бие, зээг, эмжээр, ширээс зэрэг зүйл ордог. Эсгий үүдэнд нутаг нутгаас шалтгаалан янз бүрийн хээ угалз тавих бөгөөд голдуу усан долгио, зоосон хээ зэргийг голоор нь ширдэг. Үүдийг тойруулан алхан хээгээр эмжиж, ирмэгийг дагуулан цагаан ба хар хос зээг барин чимэглэж бэхэлдэг байв. Халх, Ойрад, Буриад, Өвөр Монголчууд гэрийн эсгий үүдийг зөв талаас нь зөв гараараа сөхөж ордог бол хасагууд буруу талаас нь солгой гараараа сөхөж ордог. Ширмэл эсгий үүдний захаар эсрэг эрчтэй нарийн хар дээсээр хөвөөлдөг нь үүд хаалгаар гэрт муу зүйл орох, өвчин зовлон тусахаас хамгаалсан “дом” бэлгэдлийн утгатай. Мянгад ястны гэрийн үүд хөх өнгөтэй байдаг нь мөнх тэнгэрийг бэлгэддэг. Гэрийн үүдийг шовх хадан хясаа, уулын ам, хөндий жалга харуулан барихыг цээрлэдэг бөгөөд энэ нь хүн малын гарз гарна гэж үздэгтэй холбоотой. Харин уулын ар, тэгш талыг тааруулж барьдаг уламжлалтай.
Хана: Ханыг шорон хана, хөлт хана, хатгуур хана, сараалжин хана, морин хана, хонин хана, хурган хана гэж ялгадаг. Халхад сараалжин ханыг хэрэглэдэг бөгөөд түүнийг морин хана гэж нэрлэх нь ч бий. Хурган хана гэдэг нь хурганы толгой багтахааргүй тийм жижиг нүдэн хана юм. Гэрийн ерөөлд “хойд хангайн бургасаар хавирга юугий нь хийсэн...” хэмээн хэлсэн байдаг. Гэрийн хана, туурганы ёроол хэсгийг хаяа гэнэ. Гэрийн хаяагаар тойруулан ороох эсгий, мод зэргээр хийсэн хэрэглэл хаяавчийг “иргэ” гэж нэрлэх нь бий. Гэрийн хаяавч буюу иргэний өнгө нь тухайн ястны зан үйлийн бэлгэдлийг илэрхийлдэг. Мянгад ястны гэрийн хаяавч хар өнгөтэй байдаг бөгөөд ид хав, хүчин чадал, овор сүр ихтэй байдлыг бэлгэдсэн байдаг байна.


МОНГОЛ ГЭРИЙН ДОТОРХИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Гэрийн доторхи зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал хэмээн 4 хуваадаг.

Баруун хаяанд эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлт, гэрийн эзний ор, орны арын хананд ангийн буу өлгөж, орны толгойн талд эр хүний нарийн нандин эдлэл болох хөөрөг, хэт хутга, зодог шуудаг, хусуур, ангийн үс зэргийг хадгалдаг авдар байрлуулдаг. Мөн айрагны хөхүүрийг баруун талд байрлуулдаг нь эрт цагт зөвхөн эрчүүд гүү саадаг байсантай холбоотой. Эрэгтэйчүүд баруун талаар гарахдаа хөхүүртэй айргийг бүлж булчингаа чангалдаг заншилтай. Гэрийн гадаа баруун урдхан морины уяа байдаг нь үүнтэй холбоотой юм.



Гэрийн зүүн хатавчинд гэрийн эзэгтэйн саалийн сав, гал тогооны эргэнэг, эзэгтэйн орны хөлийн авдар, эзэгтэйн ор, орны толгойд оёдол үйл болон гоо сайхны хэрэглэл хийх авдар байрлуулдаг. Бэр хадамд очихдоо эцэг эхийн бэлтгэсэн хувцас, өмсгөл болон бүрэн хэрэглэлтэй ор, бусад зүйлийг түүний бэргэн шинэ гэрт оруулан гэрийн зүүн хэсэгт засдаг ёстой. Гэрийн хойморт айлын эд хогшил хадгалах авдар тавьдаг бөгөөд авдрыг дэрнийх, үнэт эдийнх гэж хоёр ялгадаг. Авдар нь дээрээ тагтай, хөвхөн тагтай, нүүрэндээ тагтай гэсэн 3 янз,  голдуу улаан хүрэн будагтай байдаг. Дэрний авдарт айлын эзэгтэйн дээл, тэрлэг, үс гэзэгний гоёо, торго дурдан ба ойр зуур хэрэглэх эд юмыг хадгалдаг. Удаах авдарт үнэт эд бусад юмс агуулдаг байв. Авдар дээрээ бурхан тахил өрж, баруун хоймортоо морин хуур залдаг. Дээр үед эсгийгээр хийсэн хөшиг хэрэглэж, хоймор болон баганын хоёр талаар эсгий ширдэг дэвсдэг байв. Нэг ширмэл ширдэгийг 90 эр хонины ноосоор хийдэг.


АРДЫН ХӨГЖИМ

Ардын уламжлалт хөгжим нь XIII зууны үеэс эхтэй бөгөөд Монголчууд Төв Азийн ард түмний хэрэглэж байсан зарим утсан болон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг өөрийн болгон хөгжүүлжээ. Цохивор хөгжмийн зэмсэгнүүд буддын шашин болон бөөгийн зан үйлд хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай.  Хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг, мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг. Тодорхой ястны уламжлалт ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ. Монголын ардын хөгжмийн зэмсгийг ерөнхийд нь чавхдаст, үлээвэр, цохилуур хөгжим гэж ангилдаг. Чавдаст хөгжмийг дотор нь чавхдаст чимхүүр (ятга, шударга), чавхдаст нумт (морин хуур, хуучир, шанаган хуур), чавхдаст цохилуур (ёочин) хөгжим гэж ялгана. Үлээвэр хөгжмийн төрөлд лимбэ, цуур, аман хуур, бүрээ, ямаан бүрээ, их бүрээ, эвэр бүрээ гэх мэт зэмсгүүд хамаардаг бол цохилуур хөгжимд зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх, дамар зэрэг хөгжмийн зэмсгүүд багтана.
Ёочин: Чавхдаст цохилуур хөгжмийн зэмсэг бөгөөд анх Төв Азид дэлгэрч, IY зууны үеэс Хятадын Мин улсад нэвтэрчээ. Ёочин гэдэг нь “ян цинь” гэсэн хятадаар хэлсэн хэллэг ажээ. Монголоор янчир нэртэй байсныг сунжруулан “ёочин” болгосон байна. Дундад зуунаас эхлэн олон оронд дамжин хэрэглэгдэхдээ хувьсан өөрчлөгдөж сантур, цимбал, чанг, чанк, янгум гэх мэт олон төрөл зүйл болон дэлгэрчээ. 1991 оноос хойш Монголд 8,10,12 эгшгийн эгнээг багтаасан 6-7 төрлийн ёочинг хэрэглэж иржээ. Ёочинг хатуу модоор хийдэг бөгөөд утас нь 18 мөр, мөр бүрийн утасны тоо нь 3-4 ширхэг байдаг. Ерөнхийдөө зууван дөрвөлжин маягийн трапец хэлбэртэй, дээд хэсэг нь доод хэсгээс хэмжээний хувьд бага. Орчин үед ардын найрал хөгжимд гоцлол буюу хавсарсан үүрэг гүйцэтгэнэ. Их гарын ёочин нь 16-20 тэвхтэй, дунд гарын ёочин нь 12-16 тэвхтэй. Тэвхний байрлалыг ойртуулснаар монгол ардын богино дуу хөгжимдөх техникийг сайжруулах, улмаар дэлхийн сонгодог зохиол хөгжимдөх бололцоог өргөжүүлдэг. Ёочин нь хоёр хулсан цохиуртай, дуу намсгагчгүй учир цангинасан цуурай ихтэй, чанга өвөрмөц эгшиглэнтэй зэмсэг юм.
Лимбэ: Эртний уламжлалт үлээвэр хөгжим бөгөөд нарийн өвөрмөц аялгуутай байдгаараа монгол ардын дуу хөгжимд тохиромжтой байдаг. Монголчууд “хөндлөн бишгүүр” гэж нэрлэдэг байв. Лимбэ гэдэг нэршил нь түвд хэллэг ажээ. Хөдөө хээр хаяагүй тохиолддог тарвага зурамны нүх бүхий овгор газар ургадаг гишүүний цооргоно хэмээх ургамлын хатсан голыг авч нүх гаргаад үлээж тоглодог байснаас санаа авч лимбэ хийсэн гэдэг яриа бий. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийдэг болжээ. Лимбэний эгшиг гаргах нүх хоорондын зайнаас шалтгаалан  гарах аялгуу нь өөр өөрийн өвөрмөц өнгөтэй  байдаг байна. 1962 онд хөгжим зохион бүтээгч Д.Индэрээ гурван янзын лимбэ бүтээжээ. Лимбэ тус бүрийн эгшиг гаргах нүхний хоорондын зайг харилцан адилгүй хийснээр өөр өөрийн өвөрмөц өнгө аялгуутай болсон байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж их, дунд, бага гарын гэж ангилдаг. Толгой талд богино залгаа хийж хөг тааруулна. Лимбэ нь тоглогчоос битүү амьсгаагаар тоглох ур дүй шаарддаг өвөрмөц зэмсэг ажээ.


Хуучир: Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг нь хуучир юм. Хуучир олон янзын нэртэй бөгөөд баруун монголчууд хялгасан хуур, зүүн монголчууд аралт хуур хэмээн нэрлэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Эртний хуучир нь нэг чавхдастай байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Монгол хуучир угалзтай, чихтэй, морин толгойтой байв. Одоогийн хуучир хөгжим нь 80 сантиметр урттай бөгөөд түүнийг улаан зандан болон хар модоор хийдэг. Хуучир нь монгол ардын дуу, магтаал зэрэгт тохиромжтойн дээр монгол ардын найрал хөгжимд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуучир хөгжмийн царыг ботгоны болон могойн арьсаар бүрж хийдэг.
Хэл хуур: Хэлбэр хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуутай. Хоёр мянган жилийн түүхтэй атал анхны хэв шинжээ алдаагүй байна. Орчин цагийн аман хууртай андуурах нь бий. Хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж авиа гаргадаг хэсгийг “хэл” хэмээдэг бөгөөд үүнээс үндэслэн “хэл хуур” хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан, ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалаас үүдсэн нэршлүүд ажээ. Хэл хуур нь бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой байдаг. Хэл хуур нь бөө удганы хөгжмийн зэмсэг бөгөөд “онгодын хөлөг” хэмээн нэрлэгддэг. Гэвч хэл хуур ашиглахгүйгээр онгодоо дууддаг бөө ч цөөнгүй.  Бөө мөргөл дэлхийн 100 гаруй оронд тархсан байдаг учраас хэл хуур ч түүнийг дагаад олон оронд тархжээ. Хийц нь энгийн хирнээ дуугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад хялбар. Хэл хуур хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч НТӨ III-I зуунд Хүннүчүүд хэрэглэж байсныг нотлох ясан хуур Төв аймгийн Алтанбулаг суман дахь булшнаас гарчээ. Ясан, төмөр, хулсан хуур Монголд зэрэг хөгжиж хадгалагдсаар иржээ.
Шударга: Шударга хөгжим нь гурван чавхдаст товшуур хөгжмийн зэмсэг юм. Шударга хөгжмийг XIII зуунд хааны ордны хуримын ёслолд хэрэглэж байжээ. Эдүгээ шударга хөгжмийг үлгэр туульс унших, дуу дуулах, бүжиг бүжиглэхэд дагалдах хөгжмийн зэмсгээр хэрэглэдэг. Монгол шударга дув дугуй цартай, урт шулуун эштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой. Царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг. XIX зууны үеэс шударга хөгжмийг Хятад улсаас могойны арьсаар хийлгэн авчирдаг болсон байна. Хөгжмийн утсыг хулсан саваагаар зөөлхөн татаж хийдэг. Монголын хөгжимчид шударгыг таван зүйлийн хөгөөр хөглөж таван зүйл цохилтоор эгшиглүүлэх арга барилыг боловсруулжээ.
Ятга: Монголын эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл бөгөөд европын ятгалга хөгжимтэй төстэй. Хятадын сурвалжид НТӨ III зуунд Хүннүчүүд кун-хоу, ху-кун-хоу гэсэн хоёр төрөл хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсны кун хоу нь чавхдаст товшуур ятга, нөгөө нь хуурын төрлийн зэмсэг хэмээн тэмдэглэжээ. Монголчуудын түүхийн эх сурвалжаас үзэхэд ийм хөгжмийн зэмсэг нь XIII зууны үед байсан байна. Хубилай хааны үе буюу 1270-аад онд ордны найрал хөгжим байгуулахад олон хөгжим орсны дотор төрийн ятга, аху их ятга, босоо ятга, ятгалаг, хэвтээ ятга, өнцөгт ятга, нуман ятга зэрэг ятгын төрөл хөгжмүүд нэр заагдан орж байжээ. XYIII зууны үед одоогийн Баянхонгор аймгийн Номун хан хийдэд буддын шашны хурал номын үед ятга хөгжмийг хэрэглэж байжээ. Монголчууд “хүн ятга”, “бар ятга” гэх мэт ятгуудыг урладаг байжээ. Ятга нь чавхдаст, товшвор, цохивор зэмсгийн аймагт багтана. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй, хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн байдгаараа онцлог ялгаатай. Эдүгээ ятга урт шулуун хэлбэртэй бөгөөд их биеийг нэг жил хатаасан модоор хийнэ. Ятга нь 13 тэвхтэй, их биеийн дээд талыг нүүр гэх бөгөөд нүүрэн талаар бүдүүнээс эхлэн дээш нарийссан 13 ширхэг мяндсан утас татаж, өндрөөсөө нам тал руу 13 ширхэг тэвхийг дараалуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татна. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Одоогийн ятгыг хөгжимдөх арга нь баруун гараар чавхдасыг татаж, зүүн гараар чавхдасыг дарж хөгжимддөг. Энэ нь ятгын доод хэсэгт чавхдасын илүү гарсан үзүүрийг баглан байрлуулсантай холбоотой юм. Эрт үеийн монгол ятгын доод хэсэгт буюу нүүрэн хэсэгт багласан утас байхгүй байжээ. Ийм учраас монгол ятгын чавхдасыг баруун зүүн аль ч гараар татаж, цохиж, дарж, нясалж, имэрч, чавхдаж байсан ажээ.
Морин хуур: Монголчуудын түүхийг морь бүтээсэн гэж зүй ёсоор хэлж болно. Монголчууд хүнээсээ олон морь дагуулан явж дайтдаг байв. 3 өдрийн дараа ирнэ гэж тооцоолж байтал 1 өдрийн дараа л ороод ирдэг морьт армитай байв. Монголчууд хамгийн эрхэмлэн хайрладаг мориндоо зориулан хөгжмийн зэмсэг бүтээсэн билээ. Товшуур, эхил, цоор, хулсан хуур, морин хуур нь нэн эртний чавхдаст монгол хөгжим юм.Энэ хөгжмийг анх эртний Хүннүд үүссэн гэдэг. Хөгжмийн хамгийн дээд хэсэгт морины толгойг чимэглэсэн байдаг учраас морин хуур хэмээн нэрлэжээ. Морин хуур нь монгол морь, монгол хүнтэй салшгүй нандин холбоотой билээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэж хуурандаа хадаг зүүж хүндэтгэн гал голомт руугаа харуулан байрлуулдаг. Морин хууртай айлыг бүтэн айл, морин хуургүй айлыг бэлэвсэн айл хэмээх ёсон байжээ. Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлгэдэл юм.
Морин хуур татаж сурч байгаа хүн хамгийн түрүүнд жороо морины явдлыг аялгуулан татаж сурдаг. Монгол морь нь монгол цэргийн бахархал, эв нэгдлийнх нь хамгийн гол түшиг тулгуур байсан билээ. Чингис хаан 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлж, 400 – 800 мянган морьдыг дагуулан явдаг байв. Тийм учраас Монголын армийн хамаг гол хүч нь морь байсан бөгөөд Чингис хаан тэдний хүч чадлыг бий болгосон гэж түү
хчид үздэг.Орчин цагт морин хуурыг хувь хүмүүсээс илүү мэргэжлийн хөгжимчин хүмүүс тоглох нь давамгайлжээ. 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. 1992 онд Монгол улсын Морин хуурын чуулга байгуулагдан өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон билээ. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.


ТОГЛООМ НААДГАЙ

Монголчуудын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан, тоглох аргын хувьд төгс боловсорсон оюуны чухал соёлын өв ажээ. Монгол тоглоомын дотор эртний хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны шууд тусгал болон зохиогдсон тоглоом олон байдаг. Тухайлбал, чулуугаар бай онох, чулуу өнхрүүлэн уралдуулах, чулуугаар ус алгадуулах зэрэг тоглоом нь ан агнах, араатнаас биеэ хамгаалах үйл ажиллагаанаас үүсчээ. Монголчуудын тоглоом наадгайг насанд хүрэгчдийн ба хүүхэд залуучуудын гэж ангилдаг ба тэдгээрийг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман тоглоом, хөлөгт тоглоом, гар хуруугаар тоглох тоглоом, хөдөлгөөнт тоглоом, гэр барих тоглоом, оньсон тоглоом гэх мэтээр ангилдаг. Ардын тоглоомын санд 15 бүлгийн 800 гаруй тоглоом байдаг байна. Түүний дотор зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл бий.  Мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэрэгт монгол тоглоом хүмүүжлийн чухал ач холбогдолтой.
Оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомоороо Монгол улс дэлхийд дээгүүр байранд ордог. Модоор хийдэг нь хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай. Оньсон тоглоомыг 3, 6, 9, 12, 32 модны гэхчилэн ялгадаг. Гадна хэлбэрийн хувьд ч маш олон янз бий. Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буй хэмээн үздэг. Шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий бөгөөд эртний уламжлалтай. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор. Анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.
                                         



Үйчүүр: Үйчүүрийг хөзрийн хамгийн эртний хэлбэр гэдэг. Энэхүү тоглоом багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр  гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшүүлдэг байна. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, үнэг, нохой зэрэг амьтныг танин мэдүүлдэг ажээ. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Жишээ нь: дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арслан авна. Нэг арслан нь 64 лантай тэнцдэг нь тэмцээний хамгийн өндөр оноо. Хоёр нүхтэй шоо хоёр буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан ажээ. Тоглоом дуусахад хожсон амьтдынхаа тоог гаргаж, ланг тогтоон дүнгээ гаргадаг.

Оньсон тоглоом: Оюун задлах оньсон тоглоомоороо монгол дэлхийд дээгүүр байрт жагсдаг. Энэхүү уламжлалт тоглоомыг модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин, шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай гэнэ. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэгэн хэвийн шинжтэй байдаг. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг оньслон бүтээж, Сүхбаатарын хөшөөнөөс эхлэн Эрх чөлөөний хөшөө, Эйфлийн цамхгийг ч оньсон тоглоом болгон урлажээ. Уг тоглоомыг гурван модны, зургаа, ес, 12, 32 дүрстэй гэхчилэн ангилдаг. Түүнээс гадна хэлбэрийн талаас тоймгүй олон янз байдаг. Учир нь тухайн зохион бүтээгчийн санаа, ур хийцээр баяждаг байна. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон, гэрчилгээг нь авчээ.



Алаг мэлхий: “Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомын эртний төрлүүдийн нэг юм. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ. Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болно. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийн дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.
Шатар:
Шатрын үүсэл гарлыг яг таг тогтоогоогүй ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд нь үүссэн гэдэг дээр бараг бүх эрдэмтэд санал нэгддэг. 15-р зууны хагасаар Энэтхэг улсын Шатранг гэх тоглоомноос үүсэлтэй гэж бас үздэг юм.Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд: 1. 1 Ноён 2. 1 Хатан 3. 2 Тэрэг 4. 2 Морь 5. 2 Тэмээ 6. 8 Хүү Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён луу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм. АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна. Шатар бол спортын нэг төрөл бөгөөд оюуны спорт гэж нэрлэх нь ч элбэг байдаг. Шатарт ихэвчлэн цагаан тал нь эхэлж нүүдэг.Шатрын хөлөг нь 64 нүдтэй. Шатар 32 дүрстэй. Хожихын тулд бүх зөвхөн эсрэг тоглогчийнхоо ноён гэж нэрлэгдсэн дүрсийг мадлахад хангалттай. Эсрэг талын ноёныг идэхээр байрлалд очвол:
·         Хүүгээр «цод» гэж цодлоно
  • Тэмээгээр «дуг» гэж дуглана
  • Бусад модоороо «шаг» гэж шаглана



ХАТАНБААТАР МАГСАРЖАВ

Сандагдоржийн МАГСАРЖАВ (Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, цэргийн домогт жанжин)

Тэрбээр 1878 оны 6 дугаар сарын 10-нд Сайн ноён хан аймгийн Түшээ гүн Ганжууржавын хошуу /өнөөгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ын нутаг Өвөр Цагаан Бургас гэдэг газар төрсөн. Багаасаа бичиг үсэг сурч, 11 настайдаа засаг ноён Ганжууржавын шавь болж, хошуундаа зарлага, бичээчээр ажиллаж, 1905, 1911 онд Ховдын халх жасаанд алба хааж байв. С.Магсаржав 1912 онд баргын Ж.Дамдинсүрэнгийн хамт Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар томилогдож, Ховд хотыг чөлөөлөх байлдааныг удирдан, ялалт байгуулсан учир Богд хааны зарлигаар түүнд Хатанбаатар цол олгосон.Хатанбаатар Магсаржав 1916 онд өмнө хязгаарыг батлан тохинуулах сайд, 1917 онд Зүүн хязгаарыг сэргийлэх цэргийг захирах сайд, Баруун өмнө хязгаарыг батлан сэргийлэх цэргийг захирах сайд, 1919 онд Урианхайд сууж хэрэг шийтгэх сайдаар томилогдож, хил хязгаарт халдан түрэмгийлсэн зэвсэгт дээрэмчид, харийн түрэмгийлэгчдийг устгах байлдааныг удирдсан. Хатанбаатар Магсаржав 1919 оны сүүлчээс Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Хичээнгүй баатар Гомбо-Идшин нарын хамт эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх нууц үйл ажиллагаа явуулахын хамт “Шилэн аяга”, “Жинчин” зэрэг нууц нэрээр МАН-ын үйл ажиллагаанд оролцож, ЗОУ-аас тусламж гуйсан Богд хааны тамгатай бичгийг гаргуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүрээнд байсан Хятадын цэргийн эрхтнүүд Магсаржавыг 1920 оны 9 дүгээр сарын 12-нд баривчлан хорьжээ. Барон Унгерний цэрэг Нийслэл Хүрээг чөлөөлөхөд С.Магсаржав шоронгоос гарч, 1921 оны 2 дугаар сарын 22-нд Монголын Бүх цэргийн жанжнаар томилогдож, зүүн өмнө зүгт зугтсан хятад цэргийг дарах байлдааныг удирджээ. Хатан баатар 1921 оны 4 дүгээр сарын 21-нд Баруун хоёр аймгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилогдож, мөн оны 7 дугаар сарын 20-нд Улиастайд бослого гаргаж Вандонов нарын цагаантныг устган, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зэвсэгт тэмцлээ эхлүүлсэн. Хатанбаатар Магсаржав 1921 оны 6 дугаар сарын 5-нд Цэргийн яамны дэд сайд, мөн оны намар Ховдын зэрэг газар үүрлэсэн дайсныг хядан арилгахаар мордуулах Бүх цэргийг захирах их жанжны тушаалд томилогдож баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдааныг удирдсан. Түүний гавьяаг Ардын засгийн газраас өндөр үнэлж Чин вангийн зэрэг шар хүрэм шагнаж, Хатан баатар цолон дээр нь “Ардын” хэмээх цол нэмжээ. Мөн түүнийг 1922 онд Зөвлөлт засгийн газраас Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 1926 онд БНМАУ-ын Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан. Хатанбаатар С.Магсаржав 1922 оноос Цэргийн явдлын яам (ЦЯЯ)-ны дэд сайд, сайд, Бүх цэргийн зөвлөл (БЦЗ)-ийн гишүүнээр ажиллаж байв. Ардын Хатан баатар Магсаржав 1927 оны 9 дүгээр сарын 3-нд 49 насандаа хүнд өвчнөөр таалал төгсөв. Түүний шарилыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дунд Хайлантайн эх Жаргалант уулын өвөрт бунхлан оршуулсан. МАХН-ын Төв Хорооны тогтоолоор 1970 онд Булган аймгийн төвд бунхан байгуулж, С.Магсаржавын шарилыг шилжүүлэн хүндэтгэлтэйгээр оршуулсан. Мөн Ховд хот дахь Зэвсэгт хүчний 123-р анги, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит болгосон.



СОЁМБОТ ХӨШӨӨ
Монгол орны зүүн,өмнөд, баруун, хойд хилийн цэгүүдэд байрладаг.
Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш орны нутаг дэвсгэрээснарийвчалан зааглаж тогтоосон шугам байдаг. Улсын хил бүрдэн тогтох нь хэдэн хилийн хэрэг явдал бус, түүхийн урт удаан хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршидог хил залгаа улсууд болон олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажин, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын түүхэн гавьяа нь дэлхийн олон улсын тавцанд тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг дахин гарган улсын хил хязгаар, газар нутаг, ард түмний уламжилалт зан заншил, соёлыг баттай авч хадгалан үлдээсэнд оршино. Өмнөд хилийн хувьд Монгол улс, БНХАУ-тай 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ” байгуулж, 1964 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1982-1984 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1962-1964 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ” нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 09-нд бүртгэсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна. Монгол, Оросын хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжын хооронд байгуулсан 1689 үны Нерчүүгийн хилийн гэрээ, 1727 оны Буурын гэрээ, Хиагтын гэрээ, 1864 оны Тарвагатын протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон. Энэхүү тогтоосон хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-1979 онд хийгдэж, улсын хилийг анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд дуусгасан байна. Ийнхүү Монгол улсын хил зуу зуун жилийн туршид өөрчилөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 184 дүгээр тоот зарлиг ёсоор Монгол Улсын хамгийн халдашгүй, дархан байдал, монголчуудын түүх соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Монгол улсын хилийн захын цэг болдог.


Зүүн захын цэг- Соёлз уул “Модтой хамар”
Өмнөд захын цэг- Орвог гашууны “Бор толгой”
 Баруун захын цэг- Алтай Таван Богд “Цаст даваа”
Хойд захын цэг-  “Монгол шарын даваа”-нд мөнхлөн үлдээв.



Ашигласан материал:

Болдбаатар Ж. Монголын 1911 оны Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд. “Адмон” приэтиэн. Уб.,2011. 
Мягмарсамбуу Г. Монгол Улсын цэрэг, цэргийн жанжид (XX зууны эхэн) Гутгаар дэвтэр. Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжин Ардын Хатан баатар С.Магсаржав /1878-1927 он/ /Цэрэг, түүхийн судалгаа/ “Соёмбо принтинг” ХХК. Уб.,2011.
Чойбалсан Х. Ардын Хатан баатар Магсаржав Уб.,1942 /Монгол бичгээр/
Ширэндэв Б. Ардын Хатан баатар Магсаржавын намтар. Уб.,1978.
Удвал С. Их хувь заяа /Нэмж засварласан хоёр дахь хэвлэл/. Улсын хэвлэх үйлдвэр Уб.,1Удвал С. Их хувь заяа /Нэмж засварласан хоёр дахь хэвлэл/. Улсын хэвлэх үйлдвэр Уб.,1988 /Түүхэн роман/
Хатанбаатар Дархан жүн ван Сандагдоржийн Магсаржав (Ардын Хатан баатар С.Магсаржавын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын материал) Эмхтгэсэн Г.Мягмаржав, Г.Мягмарсамбуу. Уб.,1999.
Хорлоо Д. Хатанбаатар. Уб.,1969.
Шагдар Ж. Хатан баатар. Цуврал найраглал. АБЯ-ны хэвлэл. Уб.,1974. 988 /Түүхэн роман/
Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эхэтгэл ном


No comments:

Post a Comment